“Ляпислазурь эрдэнэ” ХХК, “Кеестон ресурс” ХХК-ийн инженерүүд болон эдийн засагч нартай хамтран 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Монголын Уул уурхайн зураг, төсөл зохиогчдын холбооны Гүйцэтгэх захирал, доктор Б.Бат-Очир ТЭЗҮ боловсруулах аргазүйн асуудлаар уулзалт семинар зохион байгуулав.ТЭЗҮ БОЛОВСРУУЛАХ АРГАЗҮЙН СЕМИНАР
Төслийн техник-эдийн засгийн судалгаа хийх арга зүйн семинар дээр дараах чиглэлээр хэлэлцүүлэг явуулав. Үүнд:
- ТЭЗҮ боловсруулахад тухайн төслийн нэрийг орд газрын нөөцийн тайлангийн нэртэй шууд хуулах биш, баригдах үйлдвэрийнхээ үйл ажиллагааг харгалзан товч тодорхой томьёолж оноох, зөвлөх инженерүүдийг МУ-ын гэхгүй уул уурхайн гэж тодотгох;
- Ордын геологийн судалгаанаас уурхайгаар ашиглахад шаардлагатай мэдээллийг л ялган зохистой хэмжээнд ТЭЗҮ-д оруулах;
- Төслийн ТЭЗ-ийн үндсэн үзүүлэлтэд жилийн дундаж үзүүлэлтийг гаргаж оруулж байх, төслийн хүчин чадлыг зөвхөн бүхэл тоон утгаар тодорхойлж уулын цул, хөрс, ашигт малтмал жилийн хэмжээ ашиглалтын жилүүдэд тогтмол байх;
- Төслийн санхүү, эдийн засгийн үр ашгийн шинжилгээг бодит байдалтай нийцүүлэн тооцоолж төслийн хөрөнгө оруулалт, ашгийн хэмжээг оновчтой гаргаж захиалагчид өгөх, шаардлагатай тохиолдолд технологийн сонголт болон хөрөнгө оруулалтын үзүүлэлтийг тодотгох замаар эдийн засгийн үзүүлэлтийг бодит байдалд нийцүүлэх боломжтой талаар;
- Ашиглаж байгаа тоон үзүүлэлтүүдийн утгыг ихэнх тохиолдолд бүхэлчлэх, зохимжит бичмэл нэгжийг ашиглан хөрөнгө оруулагч болон захиалагч, бусад танилцагч хэн хүнд ойлгомжтой энгийн байдлаар гаргаж байх, бутархай тоог зөвхөн аравтын бутархай тоон түвшинд ТЭЗҮ-д авч оруулж байх;
- Хөдөлмөр хамгаалал болон үйлдвэрийн эрүүл ахуйн асуудлаар тухайн чиглэлд шаардлагатай зардлыг төлөвлөх түвшинд товч тодорхой боловсруулалт хийх;
- ТЭЗҮ боловсруулж батлуулах, архивлах зэрэгт төрийн байгууллагуудтай харилцах, шаардлагагүй бичиг баримт бүрдүүлэхэд цаг хугацаа алддаг талаар зураг төсөл зохиогчдын саналыг сонсож шийдвэрлэх арга замын талаар ярилцав. Мөн ТЭЗҮ-д авч үзэж буй зарим орд газруудын нөөцийн мэдээлэл хангалтгүй байдаг тул энэ талаар нөөцийн ангиллыг боловсронгуй болгох шаардлагатайг тэмдэглэв.
Холбооны зүгээс арга зүйн семинарыг тогтмол зохион байгуулах болон семинар дээр яригдсан асуудлаар сэтгүүл болон товхимлоор хэвлэж нийтлэх талаар мэдээлэл өгөв.