Уул уурхайн салбарт зураг төсөл боловсруулдаг эрх бүхий 80 гаруй компани Монгол улсад ажилладаг бөгөөд салбарын нийт төслүүдийн төлөвлөлт, ТЭЗҮ боловсруулахад эдгээр компаниуд гол үйлчилгээг үзүүлдэг. Өнөөдөр уул уурхайн зураг төслийн мэргэжилнүүдийг мэргэшүүлэн бэлтгэх асуудал салбарын чухал асуудлын нэг болоод байгаа бөгөөд энэ чиглэлээр Монголын Уул уурхайн зураг төсөл зохиогчдын холбоо/МУУЗТЗХ/ нь зураг төслөөр мэргэшүүлэх сургалтыг Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөл/УУМХЗ/-тэй хамтран явуулж 16 уул уурхайн зураг төслийн мэргэшсэн инжерүүдийг бэлтгэж, тэдэнд өчигдөр 2021.09.23 батламжийг нь албан ёсоор гардуулан өглөө. Батламж авсан инжерүүдийн ихэнх нь уул уурхайн зураг төслийн компаниудад 10 хүртэл жил ажилласан дадлага туршлагатай инженерүүд юм. Батламж гардуулахад УУМХЗ-ийн Ерөнхийлөгч, проф. Д.Цогбаатар, МУУЗТЗХ-ны Тэргүүн доктор Х.Жаргалсайхан, Гүйцэтгэх захирал, доктор Б.Бат-Очир зэрэг холбоодын удирдлага оролцов. МУУЗТЗХ-ны Гүйцэтгэх захирал Б.Бат-Очир уул уурхайн зураг төслийн чанар мэргэшсэн мэргэжилтнүүдийн дадлага туршлагаас ихээхэн хамаарах тул мэргэжлийн нэр хүндээ өндөр өргөж явахыг шинээр батламжаа авсан уул уурхайн зураг төслийн мэргэшсэн инженерүүдэд захиж хэллээ. Мөн цаашид энэ сургалтын чанарыг сайжруулан системтэйгээр явуулж байх талаар тэр ярив. Батламж гардуулах үеээр шинээр мэргэшсэн инженерийн зэрэг авсан хүмүүс илүү хариуцлагатай ажиллахаа илэрхийлэн уул уурхайн мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн дүрэмд гарын үсэг зурцгаав.