МУУЗТЗХ-ны гүйцэтгэх захирал доктор Баянтөр овогтой Бат-Очир уул уурхайн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласаныг үнэлж уурхайчдын хамгийн том шагнал болох “Уурхайчны алдрын од” шагналаар шагнууллаа.
Энэхүү нэр хүндтэй шагналыг УУХҮ-ийн сайд Г.Ёндон гардуулж, уул уурхайн салбарын хөгжилд оруулсан тэдний олон жилийн бүтээлч хөдөлмөр, зүтгэлд нь талархаж буйгаа илэрхийлэв. Монголын Уул уурхайн мэргэжлийн холбоодын зөвлөлөөс анх санаачилсан уг шагналыг 2018 оноос жилдээ 2-3 хүнд олгож байсан бөгөөд “Covid 19” цар тахлын улмаас хойшлогдоод байв. Хэдийгээр үндэсний баяр наадам хойшилсон ч ирэх жил уул уурхайн салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиох тул хүлээгдэж буй шагналаа уламжлал баяр наадмыг угтуулан олгохоор шийдвэрлэсэн гэдгийг МУУМХЗ-ийн Гүйцэтгэх захирал Д.Сүхбаатар тодотгосон юм.
Уул уурхайн инженер, доктор (Ph.D) Б.Бат-Очир нь 1995-2006 онд геологи уул уурхайн төрийн захиргааны төв байгууллагад хариуцлагатай албан тушаал хашиж байсан бөгөөд “Геологи, уул уурхайн салбарыг 2010 он хүртэл хөгжүүлэх чиглэл”-ийг хариуцан боловсруулж, 2002 онд Засгийн газрын 103 дугаар тогтоолоор батлуулж байсан юм. Тэрээр өдгөө Дэлхийн уул уурхайн конгрессын гишүүн, Евроазийн уул уурхайн академийн гишүүнээр ажиллаж байна.